Ц.Оюунгэрэл: 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдаад шууд “Жаран цагаан хонь” романаа бичиж эхэлсэн
“Ногоон нүдэн лам” романы хоёрдугаар дэвтэр болох уншигчдыг удтал хүлээлгэсэн “Жаран цагаан хонь” романы нээлт энэ сарын 11-ний өдөр “Интер ном”, “Аз хур” номын дэлгүүрүүдэд боллоо. Номын нээлтэд зохиолын гол баатар Баасан ламын хүү Бэлэгдэмбэрэл, Сэндмаагийн охин Хандсүрэн, Баярдалай нараас гадна романы хоёр дахь дэвтрийг тэсэн ядан хүлээсэн үнэнч уншигчид нь хүрэлцэн ирэв.
Зохиолч Цэдэвдамбын Оюунгэрэл, Жеффри Лестер Фолт нар нэгдүгээр дэвтэр “Ногоон нүдэн лам” романдаа 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн түүхийг бодит хүмүүсийн амьдралаас сэдэвлэн бичсэн нь 2008 онд хэвлэгдсэн цагаасаа эхлэн бестселлерийн жагсаалтаас буугаагүй. Номын дэлгүүрт хөл гишгэх зайгүй болтол олноороо цугласан уншигчид романы хоёрдугаар дэвтэрт юун тухай өгүүлэх бол? Баасан, Сэндмаа нарын хувь заяа яаж эргэсэн бол гэж тэсгэл алдан яарах асуултын хариуг зохиолчоос нэхнэ.
Үнэн бодит амьдралаас сэдэвлэн бичсэн уг романд гол баатруудын амьдралын бодит түүхийг өгүүлэхдээ түүхийн сурах бичигт ороогүй, түүхэн мэдээлэлд дэлгэрэнгүй бичигдээгүй, 2000-аад оныг хүртэл монголчууд өөр хоорондоо шивнэн ярьдаг байсан, түүх судлаачид ч хөндөн судалж эхлээгүй бодит үнэнийг уншигчдынхаа өмнө нээж байгаагаа зохиолч Ц.Оюунгэрэл онцлон хэлсэн юм.
Тэрбээр, Энэ номыг хамтран бичсэн нөхөр Жеффри Л.Фолт нь АНУ-д байгааг дурдаад, номын нээлтийнхээ баярт мэдээг тэсэн ядан хүлээж буй нөхөртөө баярлаж талархсанаа нээлтийн үеэр хэлж байв. Мөн номын редактораар ажиллаж гурвантаа ариутган шүүсэн эгч Ц.Оюунчимэг, дизайнер дүү Ц.Дорж болон энэ номонд баримт материал өгч, хэлмэгдүүлэлтийн үеийн үүх түүхийг харамгүй хуваалцсан зохиолын гол Баасан лам, Сэндмаагийн үр хүүхдүүдэд болох ах, эгч нартаа баярлаж, талархсанаа илэрхийлэв.
Номын нээлтийн арга хэмжээний дараа баярт ирсэн уншигчид худалдан авсан номондоо зохиолчийн гарын үсгийг зуруулахаар урт дараалал үүсгэн эмх цэгцтэйхэн жагсацгаав. Энэ арга хэмжээний дараа зохиолчтой уулзаж, “Жаран цагаан хонь” хэмээх шинэхэн романы талаар яриа өрнүүлсэн юм.
-“Жаран цагаан хонь” романыг бичихэд түүхэн баримт, архивт байхгүй ахмадуудын аман яриа, баримт голлох байр эзэлсэн тухай Та номын нээлтийн үеэр хэллээ. Тэр бүх хүмүүстэй Та өөрөө уулзаж явсан уу?
-Номонд өгүүлсэн баримтуудын бараг тал хувь нь ахмад хүмүүсийн аман түүх. Аав минь хөдөөгүүр явахдаа ахмад хүмүүстэй уулзаж, хэлмэгдүүлэлтийн үеийн түүхийг нь дэвтэр дүүртэл бичүүлээд аваад ирдэг байлаа. Тэр материалууд үнэтэй эх сурвалж болсон. Мөн 10 хувь нь захидал хэлбэрээр илгээсэн хүмүүсийн дурсамж. 40-өөд хувийг хэлмэгдүүлэлтийн үеийн сэдвээр ахмадуудтай хийсэн сэтгүүлчдийн ярилцлага эзэлж, маш чухал баримт болсон. Би сонин хэвлэлээс ахмадуудын ярилцлагуудыг алгасахгүй унших байсан.
Маршал Х.Чойбалсан гуайн жолооч, Ю.Цэдэнбал гуайн комиссар зэрэг хүмүүстэй хийсэн ярилцлагууд үнэтэй эх сурвалж болсон. Мөн өөрөө эрэл хайгуул хийж хүмүүсийн дурсамжуудыг их цуглуулсан. Энэ номд өгүүлсэн таван жилийн тухай түүхэн эх сурвалжуудад бараг байдаггүй баримтууд. Түүхийн хичээлээс хасаж, архиваас хайгаад олддоггүй баримтууд буюу хориотой сэдвүүдийг олж зохиолдоо тусгасан. Үүний төлөө би хэвлэлд гарсан нэг ярилцлагаас нэг өгүүлбэр, нэг баримтыг түүх маягаар мэдээллийг шуналтайгаар цуглуулж байлаа.
-Баасан лам, Сэндмаа нарын хувь заяа хаашаа эргэх бол гэж сонирхох хүн олон байна?
-Хоёрдугаар дэвтэр эхлэхэд цуг эхэлнэ. Цугтаа дуусна гэж л хэлье дээ.
-Та хоёр “Жаран цагаан хонь” романаа хэдэн жил бичсэн бэ?
-Хоёрдугаар дэвтэрт орох баримт материалуудыг “Ногоон нүдэн лам”-ыг гаргаснаас хойш цуглуулж эхэлсэн. Яг номоо бичихийн тухайд 2016 оны УИХ-ын сонгуулийн дүн гарснаас хойш 48 цагийн дараа номоо бичих ажилдаа орсон. Энэ ажил нэг жил үргэлжилсэн. Тэгээд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр редакторт хянуулахөөр өгч байлаа. Редакцын хяналт зунжин, намаржин үргэлжилж, гурвантаа хянагдаад одоо хэвлэгдэн гарч байна. Зохиолынхоо эхийг англи хэл дээр бичсэн л дээ.
-Эхийг нь англи хэл дээр бичсэн бол энэ зохиолоо англи хэлтэй зах зээлд гаргах тухай бодол байдаг уу?
-Гадаад зах зээлд зориулж одоо бэлдэнэ. Ном маань гурвантаа редакторлуулаад монгол хэл дээр гарлаа. Редакторлох явцад анхны эхээсээ өөрчлөгдсөн зүйл нэлээд бий. Тэгэхээр 680 хуудас бүхий редакцийн дараах Монгол хувилбараа англи хэл рүү дахин хөрвүүлэх ажлаа эхэлнэ гэсэн үг. Миний орчуулгын дараагийн ажлыг Жефф редакторлана. Ном гадаад зах зээлд Жеффийн хянаснаар гардаг.
-Хоёрдугаар дэвтрийг яагаад “Жаран цагаан хонь” гэж нэрлэх болов. Энэ нэр зохиолтойгоо хэрхэн холбогдох бол?
-Энэ бол “Жаран цагаан хонь” гэдэг дууны нэр. Зохиолд ийм нэртэй бүлэг бий. Энэ бүлэгтээ “Жаран цагаан хонь” гэдэг дуу дуулагдаж байгаа юм. Номын нэрийг Жефф өгсөн. Би өөр нэр өгөөд байтал манай дизайнер, редакторт миний өгсөн нэр таалагдаагүй. Тэднийхээ хүсэлтээр зохиолынхоо нэрийг өөрчилсөн.
-Номын хавтас дээрх залуухан сайхан эмэгтэйгээр хэнийг дүрсэлсэн бэ?-Сэндмаа. Номын нээлтийн үеэр Сэндмаагийн үр хүүхдүүд болох ах, эгч нар “Манай ээж ийм л сайхан хүүхэн байсан байх даа” гээд нулимсаа барьж дийлэхгүй байсан. Ээжтэй нь төстэй харагдсан шиг байна лээ.
-Жеффри Фолт Та хоёр “Ногоон нүдэн лам” романаа Франц хэлнээ хэвлүүлж, номоо Францын зах зээлд гаргаад ирсэн. Энэ талаараа сонирхуулаач?
-Бид хоёр Францын дөрвөн хотод нийт 15 хоногт уншигчидтайгаа болон ажил хэргийн олон уулзалт хийсэн. Хамгийн хүндтэй сайхан арга хэмжээг Франц дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан. Энэ үеэр Монголын уран зохиолыг Францын зах зээлд гаргахад хувь нэмэр оруулсан Франц, Монголын иргэдэд хүндэтгэл үзүүлж өгсөнд би маш их баярласан. Уншигчдын хувьд номын дэлгүүрүүдэд олноороо дугаарлан зогсож, гарын үсэг зуруулах үйл ажиллагаа олон цагаар үргэлжилж байлаа.
-Монголын уран зохиолыг Францчууд хэр зэрэг сонирхож байна вэ?
-Аливаа улс орныг хүмүүс уран зохиол, киногоор нь төлөөлүүлэн мэддэг. Номын нээлтэд Монголчуудын амьдралыг огт мэдэхгүй хүмүүс ирж байсан. Монголын тухай баримтат кино үзсэн, бүргэдчин казах охины талаар сонссон, Монголын аялал жуучлалын талаар Францын алдартай сэтгүүлчийн бүтээсэн баримтат киног үзэж, сонирхолтой ард түмэн байдгийг хагас дутуу сонссоноо хэлнэ. Харин тэд монгол хүмүүс яаж амьдардгийг огт мэдэхгүй хүмүүс байсан. Ном уншиж, тэр талаар ойлголт авах хүсэлтэй хүмүүс ирэх жишээтэй.
“Би энэ романыг уншвал юу олж авч чадах юм бэ?” гэж биднээс асууж байлаа. Хариуд нь би “Үнэн бодит амьдрал, бидний өвөг дээдэс Дэлхийн хоёрдугаар дайны үед хэрхэн амьдарч, европчуудтай адилхан зовж зүдэрч байсан тухай өгүүлнэ” гэж хэлж явлаа. Европчууд ХХ зууны цаг хугацааг Дэлхийн хоёрдугаар дайнаар баримжаалдаг. Монгол орны үнэн түүхээс сэдэвлэсэн номыг өмнө нь уншиж байгаагүй, маш их сонирхож байна гэж ярих хүнтэй олон уулзсан. Монголд аялахыг хүсэж байгаа хүмүүс Монголыг судалмаар байна гээд ном худалдан авч байлаа.
-“Ногоон нүдэн лам” роман Франц хэл дээр хэвлэгдсэн Монголын хэд дэх ном болов?
-Г.Мэнд-Ооёо гуайн яруу найраг, Л.Өлзийтөгсийн богино өгүүллэгүүд хэвлэгдэж байсан юм билээ. Чинагийн Галсан гуайн туужууд, 1960-70-аад оны монголчуудын сонирхолтой аж амьдралын талаар бичсэнийг уншиж байсан гэж ярих хүмүүстэй тааралдсан. Тэгэхэд нь би “Түүнээс өмнөх үеийн үйл явдлыг өгүүлнэ шүү” гэж тайлбарлаж өгч явлаа.
-“Жаран цагаан хонь” роман цааш үргэлжлэх болов уу?
-Байж болох юм. Яагаад гэвэл Баасан ламын амьдралын сүүлийн жилүүдийн тухай хангалттай хэмжээний сонирхолтой баримт материал цуглуулж чадвал номоо үргэлжлүүлэн бичнэ. Энэ номын дараагийн материалууд эхнээсээ олдож байна. Миний номын нээлтэд оролцож, хамтдаа номын баяр тэмдэглэсэн ах дүү нар маань номын үргэлжлэл болохоор сэдвүүдийг яриад эхэлсэн шүү.
Эх сурвалж: http://news.gogo.mn/r/219147