”Жаран цагаан хонь" романд Монгол Улс, монгол хүн, тусгаар тогтнолын үнэ цэнийг шингээсэн
УИХ-ын гишүүн асан, “Ногоон нүдэн лом” номын зохиолч Ц.Оюунгэрэлтэй цөөн хором ярилцлаа. Түүний “Ногоон нүдэн лом” зохиолын хоёрдугаар дэвтэр “Жаран цагаан хонь" уншигчдын мэлмийд хүрч эхлээд удаагүй байгаа билээ.
-“Ногоон нүдэн
лам" зохиолын хоёрдугаар дэвтэр буюу ”Жаран цагаан хонь" уншигчдын гарт очоод удаагүй байгаа. Ном нэрнээсээ эхлээд нэлээд сонирхол татаж байгаа
шүү?
-“Ногоон нүдэн
лам" номоос өөр зовлон, өөр үйл явдал гарч байгаа учраас “Жаран цагаан
хонь" гэж нэрлэсэн. “Ногоон нүдэн лам" номд хэлмэгдлийн үеийн
зовлонгийн тухай гардаг. Ер нь цаазын ялын асар хүнд зовлонг нэгдүгээр
дэвтэртээ үзүүлсэн байдаг. Гол хохирогчид болох ламаар эхний дэвтрээ нэрлэж
байсан. Харин хоёрдугаар дэвтрийн хамгийн том хохирогч нь малчин ард түмэн
байгаа. Тэгэхээр ардын аж ахуйтан малчдад тохиолдож буй зовлонг өгүүлж буй
учраас малынхаа тухай дуулж байсан дуу, зовлон бэрхшээлийнхээ тухай дуулж
байсан дуу нь номын гол гарчиг болж байгаа юм.
-Эхний дэвтрийн гол дүрд Баасан байсан. Харин хоёрдугаар
дэвтрийн гол дүр нь Сэндмаа тодорч гарч ирсэн.
-"Жаран цагаан хонь” номоос уншигчид авах хамгийн гол үр нөлөө нь юм вэ?
-Тусгаар тогтнолын үнэ цэнэ.
Ямар үнэ цэнээр өнөөдрийн аз жаргалтай амьдрал ирсэн, ямар үнэ цэнээр Монгол
улс бүрэн бүтэн болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үүнд хэн төлбөр төлсөн
бэ гэдгийг мэдэж авна. Эцэг өвгөдийнхөө эх орныхоо төлөө хийж бүтээсэн гавьяаны
тухай өгүүлсэн.
-Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх тухай ярьж байна. Таны
хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Цаазын ялыг сэргээвэл том алдаа болно. Энэ нь хүний амийг
эргэлт буцалтгүй авч явдаг. Хэрвээ гэм хоргүй нэгэн байсан бол дараа нь түүнийг
цагаатгах аргагүй болгоно. Жишээлбэл, цаазын ял байх үед С.Зоригийн хэрэг
шударга бусаар шийдэгдсэн байх юм бол тухайн шударга бусаар яллагдаад явсан
хүмүүс өдий болтол амьд байх боломжгүй байсан. Цаазын ялгүй учраас өнөөдөр бид
хоригдож буй хүмүүсийг шударгаар гүтгэгдсэн үү эсвэл хэлмэгдсэн үү гэдгийг
яриад сууж байна.
Тэгэхээр хүний амийг эргэлт буцалтгүй авч явдаг ял бол
ямар нэгэн гэмгүй хүнийг гэмтэй олон хүнээс сугалан авч, цагаатгах аргагүй
болгодог гэсэн үг. Иргэд ”алуурчин, хучирхийлэгчийг яагаад өмөөрөөд байгаа юм
бэ” гэж байна. Үнэндээ гэмгүй хүмүүсийг өмөөрч байгаа гэдгийг анзаарахгүй
байгаа юм. Гэмгүй хүмүүс цаазлагдах вий, эргэлт буцалтгүй ялын хохирогч болох
вий, Монгол Улсын төрийг гэмтэй хүн дотроос гэмгүй хүнийг ялгаж, салгах
чадваргүй болгох вий гэсэн үүднээс цаазын ялыг хэрэглэхгүй гэж байгаа юм. Харин
гэмтэй хүний хувьд нь эдлэх ёстой ялаа эдлээд, гяндандаа хоригдож байх ёстой.
Гэтэл тухайн хүмүүсийн дунд хэн нэгэн нь хэлмэгдвэл гэмгүй хүний амийг аврахад
цаазын ялгүй байх хууль эрх зүйн орчин тусалдаг.
-Цаазын ялыг сэргээх нь манай улсад ямар сөрөг нөлөөтэй
вэ?
-Хэлмэгдэл гарах эрсдэлтэй. Дургүй нь хүрвэл цаазлаад эхэлнэ. Би үүнээс
л хамгийн их айж байна. Яаж зохиомол үүсгэдэг, хувийн өш хонзонтой хүнээ
зохиомол хэрэг үүсгэн яаж ялладаг вэ гэдэг талаар иргэд маш олон жишээ ярьж
байна. Үүнийг сонсоход хэртхийхээр байна. Цаазын ялгүй байхад хэртхийж байхад
цаазын ялтай болчихвол далимдуулаад цаазлаад байна байх. Цаазын ял гэдэг бол
улс төрчдийн гарт сүх бариулж байна гэсэн үг. Тэгэхээр улс төрчдийн гарт сүх
бариулах, эргэлт буцалтгүй шийдвэр гаргаж болохгүй. Хүмүүс сэтгэлийн хөдлөлөөр,
ялангуяа хохирогчийн ар гэр, хохирогчийн ар гэрт учирч буй хүнд зовлонг
нимгэлэх гэсэн сайхан сэтгэлээр дэмжих нь ажиглагддаг. Гэтэл үүнийг далимдуулж
маш зүйл болдог гэдгийг зовлон дунд анхаарах завдалгүй шаналж байдаг. Энэ үед
дайны хажуугаар дажин гэдэг шиг зүйл болдог гэдгийг сануулж байх үүрэг байна.
Тэгэхээр хүмүүст тайван, ухаарах цаг хугацааг өгч, цаазын ялыг сэргээх асуудлыг
хэлэлцэх хэрэгтэй. Давалгаалсан сэтгэлийн хөдлөлөөр цаазын ял уруу орж, гараад
байх юм бол төрийн хувьд энэрэнгүй соёлыг бий болгож чадахгүй.
Эх сурвалж: http://www.itoim.mn/#/article/Son9b/11294